МОКТА холбоо БНСУ-ын Чүнчоннамду мужийн аялал жуулчлалын байгууллагуудтай хамтын ажиллагааны уулзалт хийлээ


Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны салбар холбоо болох Монголын Солонгосын зах зээлийн аялал жуулчлалын холбоо (МОКТА) БНСУ-ын Чүнчоннамду мужийн аялал жуулчлалын байгууллагуудтай хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад МОКТА холбооны гишүүн Mandora Tour, GS Tour, Eternal Sky, Let’s Travel, Basecamp, Yanga Tour, BBM Tour, OK Travel компанийн төлөөлөл болон Чүнчоннамду мужийн Аялал жуулчлалыг дэмжих төв, Аялал жуулчлалын холбооны төлөөлөгчид оролцов.

Талууд Монгол Улс болон БНСУ-ын аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцлээ.

Тухайлбал:

  1. Хоёр улсын аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн шууд бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх;
  2. Шинэ аяллын маршрут, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хамтран хөгжүүлэх;
  3. Захиалгат болон тусгай нислэг үйлдэх боломжийг судлах;
  4. Оюутан, сурагчдын солилцооны болон танин мэдэхүйн аяллыг харилцан зохион байгуулах;
  5. Хоёр талын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцан сурталчлах;
  6. Монгол Улс болон БНСУ-ын бүс нутгуудын хоорондын жуулчны урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов.

Уулзалтын үр дүнд талууд хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, маршрут бий болгох, жуулчин солилцоог нэмэгдүүлэх, захиалгат нислэгийн боломжийг судлах, оюутан залуусын аялал болон боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр бодит хамтын ажиллагааг үе шаттайгаар хөгжүүлэхээр санал нэгдлээ.

Монголын Солонгосын зах зээлийн аялал жуулчлалын холбоо цаашид Монгол Улсын аялал жуулчлалын салбарын байгууллагуудыг олон улсын түншүүдтэй холбох, шинэ зах зээлийг нээх, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах юм.