МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СЭРГЭЛТЭЭРЭЭ ДЭЛХИЙН ШИЛДЭГ 20 ОРНЫ ТООНД БАГТЛАА


Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас (UN Tourism) гаргасан World Tourism Barometer, 2025 оны 11 дүгээр сар тайланд Монгол Улс аялал жуулчлалын салбарын сэргэлт, өсөлтийн үзүүлэлтээрээ дэлхийн шилдэг гүйцэтгэлтэй орнуудын нэг болохыг албан ёсоор баталгаажууллаа. Тус тайланд дурдсанаар, 2025 оны эхний 9 сард Монгол Улсад ирсэн олон улсын жуулчдын тоо 2019 онтой харьцуулахад 44 хувиар өссөн нь цар тахлын өмнөх түвшинг давж сэргэсэн, амжилттай орны нэг болсныг харуулж байна. Энэ үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн хэмжээнд жуулчдын урсгалаа хамгийн амжилттай сэргээсэн 20 орны жагсаалтад багтжээ.

АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ДУНДАЖИЙГ ДАВСАН ӨСӨЛТ

UN Tourism-ийн мэдээллээр Ази, Номхон далайн бүс нутаг нийт дүнгээрээ цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс хараахан бүрэн сэргээгүй байгаа ч Монгол Улс уг бүсэд дундаж үзүүлэлтээс давсан өсөлт үзүүлж, сэргэлтийг амжилттай хурдасгасан орнуудын нэгээр нэрлэгдсэн байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОРЛОГО БОДИТООР НЭМЭГДЭВ

Зөвхөн жуулчдын тоо өсөөд зогсохгүй эдийн засгийн өгөөж ч мэдэгдэхүйц нэмэгджээ. Тайланд дурдсанаар:

• 2025 оны эхний 9 сард Монгол Улсын аялал жуулчлалын орлого өмнөх оноос 15 хувиар өссөн,

• Харин 2019 онтой харьцуулахад 39 хувиар нэмэгдсэн нь Монгол Улс аялал жуулчлалын салбараас илүү өндөр үнэ цэн бүхий орлого бүрдүүлж эхэлснийг илтгэж байна. Эдгээр үзүүлэлт нь жуулчдын дундаж зарцуулалт, аяллын хугацаа, үйлчилгээний чанар сайжирч, зах зээлийн бүтэц илүү тогтвортой болж байгааг харуулж байна.

МОНГОЛ ЖУУЛЧДЫН ГАДААД ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИДЭВХЖИЛ МӨН ӨСӨВ

UN Tourism-ийн тайланд Монгол Улс олон улсын аяллын зах зээл дээр ч идэвхжил нэмэгдсэн орнуудын тоонд багтжээ. Тодруулбал, Монгол жуулчдын гадаадад зарцуулсан зардал 2019 онтой харьцуулахад 98 хувиар өссөн нь иргэдийн аяллын эрэлт, бүс нутгийн агаарын тээврийн холболт, олон улсын харилцаа идэвхжиж буйг илтгэнэ.

UN TOURISM-ИЙН АЛБАН ЁСНЫ ТАЙЛАНД СУУРИЛБАЛ МОНГОЛ УЛС:

• Цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлтийг амжилттай хэрэгжүүлсэн,

• Жуулчдын тоо, орлого, зах зээлийн бүтцийн хувьд олон улсын түвшинд өрсөлдөхүйц гүйцэтгэл үзүүлсэн,

• Нүүдэлчин соёл, байгальд суурилсан тогтвортой аялал жуулчлалын бодлого нь бодит үр дүн өгч эхэлснийг бататгалаа.

Эдгээр амжилт нь Монгол Улсын аялал жуулчлалын салбар тогтвортой өсөлтийн шинэ шатанд орсныг харуулж, цаашдын хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаанд чухал эерэг дохио болж байна.